Миний Хуудас   l   Миний Блог   l   Тусламж Үйлчилгээ
zepir (Bombuulai)
Чиний л дэргэд байхсан Чихний чинь ээмэг болоод зүүгдээд явахсан Чамтай хамт байхсан Чимээгүйхэн дэргэд чинь очоод суухсан
Бүгдийг харах
Хошигнол
Бидний ирээдүй
Лого
Байгаль
Шинжлэх ухаан
Beauty
Бүгдийг харах
Түүх,соёл,урлаг
Мэдээ
Бүсгүйчүүд
Бомбуулай Нүүр > Блог
*Хэцүү анги* киноны Билгүүн буюу Р.Наранмөнхтэй ярилцав | Түүх,соёл,урлаг Өмнөх    Дараах
Огноо 2010/02/04 17:22 Үз. тоо 1499 Оноо

“Хэний хэн бэ?” булангийн энэ удаагийн зочноор олны дунд Равсал панзын дүрээрзэ алдаршсан СТА, жүжигчин Б.Магсаржавын хүү М.Наранмөнхийг урьсан юм. Анх дуучин Д.Болдын “Захиа” дууны клипэнд тоглож олонд танигдсан түүнд “Хэцүү анги” киноны Билгүүний дүр нь ихээхэн амжилтыг авчраад байгаа. Түүнтэй бага насных нь дурсамж болоод аавынх нь тухай, бас аав нь яагаад бор дарс хүртэх болсон талаар хийсэн бүтээсэн юмтай аавыг нь төр засаг яагаад үнэлдэггүй юм бол гэхчилэн нэлээд чөлөөтэй ярилцлаа.

-Дуучин Д.Болдын “Захиа” дууны клипээр хүмүүс чамайг мэддэг байсан. Харин “Хэцүү анги”-ийн Билгүүний дүр бүр олонд таниуллаа шүү дээ. Хүмүүсийн хандлага ер нь хэр өөрчлөгдсөн байна вэ?

-Тиймээ, хүмүүс намайг Д.Болдын “Захиа” дууны клипэнд тоглосноор мэдэх байх. Өөр бас нэлээн хэдэн клип, рекламд тоглосон. Харин “Хэцүү анги” бол анхны бүрэн хэмжээний олон ангит кино юм. Сая “Mongolz” продакшны “Ах дүүс” гэж кинонд тоглосон байгаа. Хүмүүсийн хандлага ерөнхийдөө өөрчлөгдсөн шүү.

Хүмүүс намайг маш сайн таньдаг болсон байна лээ. Уг нь миний нэр Наранмөнх шүү дээ. Одоо бол хүн бүр л Билгүүн гэдэг болчихсон. Миний утасны дугаарыг хаанаас ч авдаг юм бүү мэд. Аягүй их мессеж ирнэ. Ямартаа л Ганаа бид хоёр Саяхан Bе-гийн рекламд тоглосон. Тэр реклам дээр утасны дугаар гардаг юм. Гэхдээ миний дугаар биш л дээ. Гэтэл тэр дугаар луу маш их хүн залгадаг болчихсон гэсэн.

Нөгөө утасны дугаарын эзэн нь “яах гэж миний дугаарыг гаргасан юм” гээд уурлаад байгаа. /инээв/ Гадуур явж байхад, найзуудтайгаа энд тэнд сууж байхад хөгшин, залуу эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн “Сайн байна уу. Билгүүнээ өөртэй чинь зурагаа авахуулъя” гэдэг. Би ч заримдаа бүр юу билээ гэж бодно. Энд тэнд явж байхад Билгүүнээ гээд дуудахаар гайхаад, хэнийг дуудаад байгаа юм бол гэж бодно шүү дээ.

-Охидууд танилцах санал их тавьж байгаа байх. Найз охинтой юу?

-Найз охин байхгүй. Харж явдаг охин байгаа.

-Тэр охиндоо албан ёсоор сэтгэлээ илэрхийлээгүй байгаа юм уу. Эсвэл үерхэх саналыг чинь хүлээж авахгүй байна уу?

-Үгүй ээ, би өөрөө жаахан хойшлуулаад байгаа юм. Одоохондоо их олон юм зэрэгцэх гээд байна л даа. Хичээлээ хийх, энд тэнд зурганд орох гээд чамгүй их ажил байна. Найз охинтой болвол, түүндээ зайлшгүй цаг гаргах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр одоогоор надад найз охиндоо хангалттай хэмжээнд цаг гаргах боломж байхгүй байна л даа. Хүнтэй үерхэж байж тэр хүнээ хүндлэхгүй ор нэрийн төдий яваад байж
болохгүй гэж бодож байгаа учраас жаахан хойш тавьсан байгаа.

-Тэгж байтал өөр залуу өрсөөд үерхчихвэл яахуу?

-Тэгэхгүй байх аа. Би өөртөө их итгэлтэй байдаг.

-Нээрээ чиний байгаа байдал өөртөө их итгэлтэй юм. Бас нэлээн сахилгагүй ч байж мэдэхээр?

-Би ер нь нэлээн сахилгагүй, хөдөлгөөнтэй шүү дээ. 10 жилд байхдаа бүр их сахилгагүй, аавынхаа чихийг их халууцуулдаг хүүхэд байсан байх аа. Тэр үеэ бодвол одоо томоожсон.

-Аав тань Монголын ард түмний хайр, хүндлэлийг хүлээсэн жүжигчин. Нэр сүртэй жүжигчин аавын хүүгийн бага насны дурсамж сонирхолтой санагдаж байна.

-Би уг нь багадаа онгоцны нисгэгч болно гэж боддог байсан. Харин мэдээ орох тycмaa аавынхаа тоглосон кино, жүжгийг үзэх дуртай болсон. Аавыгаа кинон дотор байгааг, тайзан дээр байгааг харахад гоё санагддаг байсан. Хүмүүс аавын минь киног үзээд сайхан сэтгэгдэлтэй байгааг харах гоё. Жүжгийг нь үзээд алга ташиж байгааг нь харах сайхан байдаг байсан. Би тэгээд л жүжигчний мэргэжилд дурласан.

Аавыгаа дуурайж жүжигчин болъё гэж бодож 6-р ангиасаа Монгол телевизийн Цоглог студийн Саранхүү багшид шавь орсон. Харин 10-р ангиа төгсөөд жаахан өөр чиглэл рүү орсон тал бий ч, ерөөсөө л жүжигчин болъё гээд СУИС-д орсон. Одоо 2-р курсд Н.Ганхуяг багшийн удирдлага дор сурч байгаа.

-Айлын бага хүү гэж сонсож байсан юм байна. Ер нь та нар аав ээжээсээ хэдүүлээ вэ. Түрүүн өөрөө нэлээн сахилгагүй хүүхэд байсан гэж ярьсан. Том болох тусмаа аавынхаа нэр сүрийг боддог болно биз?

-Тэгэлгүй яахав. Болохгүй бүтэхгүй юм хаана л байна би тэнд явж байдаг байсан тал бий. Аавынхаа чихийг жаахан халууцуулдаг байсан байх аа. Хэд хэдэн сургууль дамжсаны эцэст, нэг хувийн сургуульд сураад ойлгосон шүү. Ер нь одоо томоотой байя гэж шийдсэн. Би ч тэгээд ангийнхаа охидуудыг хэтрүүлээд шоглочихдог, тийм л хүүхэд байсан. Манай гэр бүлийн тухайд бид аав ээжээсээ долуулаа. Ээж маань намайг 6-р ангид байхад бурхан болсон.

-Ээжийн тань тэр их орон зайг чадлаараа нөхөхийн тулд аав тань хичээж яваа нь мэдээж.

-Би аавдаа их баярлаж, ааваараа бахархаж явдаг юм. Аав хүнийхээ хувьд бидэндээ түшиг болж, мөн ээжийн минь оронд ээж шиг л байсаар ирсэн. Болдог бол аавтайгаа илүү их хугацаанд хамт байдаг байх юмсан гэж боддог. Харин түрүүн ярьж байсанчлан хичээл сургууль, зураг авалт гээд тогтвортой байх нь бага байна. Аав бас зураг авалт гээд ийш тийшээ явчихдаг учраас бид хоёр ховорхон уулзаж байна.

-Жүжигчин болно гэсэн шийдвэрийг чинь аав тань анх яаж хүлээж авсан бэ. Урлагийн хүн байна гэдэг амаргүй тал их шүү дээ?

-Намайг “Цоглог” студи дээр хичээллэдэг байхад аав нэг их юм хэлдэггүй байсан. Хүүхэд сонирхлоороо л дугуйлан секцэд явж байна гэж боддог байсан байх. Харин яг СУИС-д орно жүжигчин болно гэхэд дургүй байсан. Аав минь өөрөө урлагийн хүний амьдралыг мэддэг болохоор л тэгсэн байх. Ер нь би ааваасаа “Та тэдэн настай байхдаа юу хийдэг байсан бэ? Ямар кинонд тоглож байсан бэ” гэж их гэж асуудаг.

Аав тэр болгонд гоё сайхан дурсамж ч ярина. Бас жаахан харамсангуй зүйл ч ярьдаг. Тиймээс би аавынхаа хийж чадаагүйг хийхийг хүсдэг. Чадаагүй зүйлийг нь нөхөж хийх маш том зорилго өмнөө тавьсан. Аавынхаа хийж чадаагүй бүхнийг хийх нь миний үүрэг, миний мөрөөдөл. Яагаад гэвэл би Б.Магсаржав гэдэг хүний удам шүү дээ.

-Аавыгаа нэр сүртэй мундаг жүжигчин хүн гэдгийг яг хэдийд илүүтэй мэдэрсэн бэ?

-Би хэрэг тарьчихдаг байсан болохоор аавдаа нэлээн загнуулна. Заримдаа өөрөөсөө болоод загнуулахаасаа эмээж ааваас дөлөөд зугтаадаг байсан. Харин том болох тусам урлагт хайртай болж, ааваасаа сурах юм их болсон. Аавтайгаа илүү их дотно болсон. Одоо ингээд нэг шат алхаад, зорьсон зорилго маань эхнээсээ биелэж байна. Цаашаа олон шат намайг хүлээж байна.

-Олны танил жүжигчний хүү гэдэг тодотгол кино, клип, рекламд тоглох “эрх” олж авахад нөлөөлж байсан уу?

-Би хаана ч гэсэн шалгалт өгч пробонд орохдоо аавынхаа нэрийг хэлдэггүй. Би Наранмөнх гэдэг утгаараа өөрийгөө сориод үзье гэж боддог. Би Магсаржавын хүүхэд байна. Энэ клипд, кинонд тоглох гэсэн юм гэж явсан удаа надад байхгүй. Намайг СУИС-д шалгалт өгөөд тэнцээд ороход ч, манай аавыг жүжигчин Магсаржав гэдгийг нэг ч багш мэдээгүй. Харин “Хэцүү анги” киноны дараа л мэдсэн. Би зүгээр л өөрийнхөө хийх ёстой юмаа хийгээд л явж байсан. Мэдээж чадахгүй мэдэхгүй зүйлээ ааваасаа асуудаг.

-Одоо кинонд тоглоод олонд танигдаад ирэхээр аав тань дургүйцэхээ больсон уу?

-Гүйцэд болиогүй ээ. Гэхдээ надад биш, ах эгчид хэлсэн байна лээ. Хүнийг хажууд нь сайлна гэж байдаггүй шүү дээ. Ах эгч нар л “аав чамайг тэгж байна лээ” гэхээр их урам ордог. Би ааваасаа эмээдэг. Дөнгөж 2-р курсд сурч байна, мэдээж болоогүй байна. Харин их азаар анхны олон ангитай кинонд тоглосондоо баярладаг.

-Ер нь яг ямар “аз”-аар сонгогдсон юм бэ?

-Би ёстой мэдээгүй байсан. Тавдугаар сарын сүүлээр кино проб нь эхэлчихсэн байсан юм билээ. Харин Билгүүний дүрд тоглох хүүхэд олдохгүй байсан гэсэн. Уг нь олон хүүхэд шалгуулсан гэсэн. Харин “Boom town” хамтлагийн Баярбат ах гэнэт намайг санасан гэсэн. Намайг лагерь дээр байхад дуудсан юм.

Тэгээд би очоод шалгуулахад, утасны дугаараа үлдээчих гэсэн юм. Гэтэл Зургадугаар сарын 20-ны орой Guys666 хамтлагийн Төгсөө ах залгаад “чи яг одоо Монгол телевиз дээр хүрээд ир” гэсэн. Яваад очсон чинь кино группынхан тэр чигээрээ сууж байсан. Би ч дотор пал хийгээд явчихсан. Тэгтэл “Чи Билгүүн гэдэг хүүхдийн дүрд тоглох боллоо. Маргааш гэрээсээ бүх өмсөх хувцас, ойр зуурын хэрэглэх зүйл, хөнжил гудсаа аваад нүүгээд ир” гэсэн. Тэр өдрөө зохиолоо аваад 22-ноос зураг авалтандаа орсон.

-Гол дүрийн охин Ганчимэг та хоёрыг их тохирсон хосууд, жинхэнээсээ үерхдэг гэнэ гэх яриа байсан?

-Ганчимэг эгч 4-р курсд сурдаг. Бид хоёр хуурай эгч дүүс шүү дээ. Хүмүүс кино үзээд л энэ хоёр тохирох ёстой гээд ойлгочихсон юм шиг байна лээ. Хүмүүсээс тийм утгатай мессеж их ирнэ. Hi5-д нэг ийм comment үлдээсэн байсан. “Билгүүнээ ахаа манай гэр бүл таны фенүүд шүү. Зулаа эгч та хоёр заавал суугаарай. Монголчууд маш их дэмжинэ шүү” гэчихсэн байсан. Манай аав бас надад тийм юм цухуйлгасан шүү дээ. /инээв/ Шинэ жилээр хамт байж байсан чинь “Чи тэгээд Ганаатайгаа суух юм уу, яах юм” гэсэн. Тэгэхээр хүмүүсд нэлээн хүрсэн юм шиг санагддаг.

-Урлагт амьдралаа зориулж ирсэн авьяастай хүмүүсээ харж анхаарах тал дээр манайд их муу шүү дээ. Аавыг тань хэдийнэ МУГЖ болчих л ёстой хүн гэж олон нийт үздэг?

-Би энэ тухай маш их боддог л доо. Манай Монголд урлагийг үнэлдэггүй шүү дээ. Гадаадын улс оронд бол тэс өөр. Үнэхээр л авьяас чадалтай, түүгээрээ од болчихсон байхад тэр хүн хангалттай амьдрах нөхцөл бүрдэж байна гэсэн үг. Монголд тийм юм байхгүй. Хэдэн талд гараад л хөдөлмөрлөж байна. Сурч байна, ажиллаж байна. Монгол хүмүүс илүү чадвартай байдаг мөртлөө үнэлүүлж чаддаггүй. Ер нь урлагийн салбар л нийгэмд гэгээ өгч байна шүү дээ.

Дан ганц улс төрөөр амьдрахгүй биз дээ. Манай аавд төр засаг гавьяат гэдэг цол өгөөгүй. Харин Ард түмний гавьяат цолтой юм байна. Би үнэхээр гайхдаг юм. Их юм хийсэн хүнээ тоодоггүй. Гэнэт гарч ирсэн хүнд алга болохоос нь өмнө амжаад өгчихдөг. Тэгэхээр юм хийж байгаа хүмүүсийн урам нь хугардаг. Итгэл муутай болж угаасаа бүтэхгүй юм чинь гээд хаядаг. Одоо бидний үеийн залуучууд тэмцэх, сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Энэ сайхан тайз дэлгэцийн бүтээлийг дэлхийн хэмжээнд гаргая л даа.

-Аав тань магадгүй дотроо МУГЖ болчих байх гэж хардаг болов уу?

-Хардаг байх аа. Гэхдээ миний аав юм үзсэн хүн. Надад медаль өг гэж гонгинохгүй. Чөлөөт уран бүтээлч учраас хийх юмаа хийгээд л явж байна. Ер нь Америкт өөр бусад оронд гавъяат гэсэн шагнал байдаггүй биз дээ. Заавал медаль гээд ч байхгүй ард түмэн миний аавыг хангалттай мэднэ шүү дээ. Хийсэн юм байна. Тиймээс бахархах хэрэгтэй. Миний ааваар маш олон хүн бахархдаг юм билээ. Хүмүүс надаас “Танай аав МУГЖ болсон уу, эсвэл гавьяат биз дээ” гэж асуудаг. “Аваагүй ээ” гэхээр “Яагаад” гэж асуугаад байдаг. Би харин тэр асуултад юу гэж хариулахаа мэддэггүй. Надад тэр талаар юм хэлэх эрх байхгүй учраас инээгээд л өнгөрдөг.

-Аавынхаа аль дүрд нь хайртай вэ?

-Равсал панзын дүрд нь хайртай. Бас “Талийгаач” гэж маш сайн кино байдаг. Одоо манайд кино урлаг шинэ өнгө аясаар хөгжиж байна. Би энэ хөгжил дунд хөл тавиад алхаж байгаадаа их баяртай байна. Магадгүй жүжигчин болоогүй бол яанаа. Юу хийж явах байсан бол гэж бодож байна шүү.

-Ааваасаа тусдаа амьдардаг гэл үү. Ер нь хэр сайн хүү гэж өөрийгөө хэлэх вэ?

-Аав маань Дэнжийн мянгад амьдардаг. Би эгчтэйгээ тусдаа амьдраад нэлээн хэдэн жил болж байна. Мэдээж аавдаа ач тустай сайн хүү нь байх юмсан гэж бодож явдаг. Би одоо арай л юм юманд хүрээгүй байна. Гэхдээ дотроо бодож санаж яваа зүйл байлгүй яахав.

-Нэг хэсэг аавыг тань бор дарсанд их дурлах болж гэсэн яриа гараад байсан?

-Манай аав огт уудаггүй байсан гэх нь хаашаа юм. Баяр ёслолоор л уудаг байсан. Харин ээжийг өөд болсноос хойш сэтгэл санаагаар их унасан. Тэр үед аавыгаа их өрөвддөг байсан. Би ч жаахан байсан болохоор тэр болгоныг ойлгодоггүй байсан байх. Аавыгаа жаахан уугаад уйлж байгааг хараад их шаналдаг байсан. Сэтгэл санааны хүнд байдлаас болоод жаахан уугаад эхэлсэн чинь хүмүүс “архичин болсон” гэж ярих болсон. Би тийм яриаг сонсоод хүмүүст “Миний аав архичин биш шүү” гэж хэлэхийг их хүсдэг байсан. Даанч би тэр үед хэн ч биш жаахан хүүхэд байсан болохоор хэн миний үгийг тоож сонсох вэ дээ. Харин одоо хэлэхийг хүсч байсан үгээ хэлж байгаа даа сайхан байна.

-Залуу хүүхдүүд олонд танигдаад ирэхээрээ биеэ тоох хандлага гаргах гээд байдаг. Өөрийн чинь хувьд үүнд яаж ханддаг вэ?

-”Хүн анх ямар байсан түүгээрээ л байх ёстой” гэж манай аав байнга надад хэлдэг. Угаасаа нэг кинонд тоглочихоод хамраа сөхөж, биеэ тооно гэж юу байхав. Зүгээр өөрөөрөө л байх хэрэгтэй гэсэн зарчимтай явдаг.

-Цаг зав гаргасанд баярлалаа. Амжилт хүсье.

-Сайхан ярилцлаа. Баярлалаа.

Шошго МОНГОЛ,ЗАЛУУ ЖҮЖИГЧИД
   Өмнөх    Дараах
Сэтгэгдэл(0)

152-719 서울특별시 구로구 구로3동 197-10 이엔씨벤처드림타워 2차 211호 (주)페이원 | Tel 070-7609-7430 | Fax 02-830-4119
사업자등록번호 : 107-86-81837 | 통신판매업신고 : 2009-서울구로-0980 | 대표이사 이대형