Гайтид болсон аймшигт газар хөдлөлтөд өртөж, хүнд байдалд ороод буй ард иргэдэд туслах зорилгоор “Улаан загалмай” нийгэмлэгээс санаачлан зохион байгуулсан мессежээр хүлээн авсан хандивын хэмжээ 21 сая ам.долларт хүрчээ. Амар хялбар, төвөг багатай, электрон аргаар хандив хүлээн авах талаарх мэдээлэл “Facebook”, “Twitter” зэрэг олон нийтийн харилцаа холбооны сайтуудаар хурдацтай тархаж, “Улаан загалмай”-н дансанд төвлөрсөн хандивын хэмжээ тэдний урьдчилан тооцоолж байснаас ч өндөр гарсан байна. Даваа гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Улаан загалмай” нийгэмлэгийн олон нийттэй харилцах албаны дарга Венди Харман дээрх үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, “Намайг үнэхээр гайхашрууллаа. Цаашид ч зогсолгүй үргэлжилсээр байна” гэжээ. Харманы хэлснээр энэхүү сайн санааны арга хэмжээний хүрээнд мессэж хүлээн авч эхэлснээс хойш 24 цагийн дотор 3 сая ам.доллар цугларсан бөгөөд ням гаригийн 23.00 цагийн байдлаар 21 саяд хүрсэн байна. Ийнхүү даваа гаригийн 17.00 цагийн байдлаар “Улаан загалмай”-гаас нийт 112 сая ам.долларыг Гайтийн газар хөдлөлтөд өртсөн ард иргэдэд тусламж болгон хандивлаад байгаа гэнэ.
Гар утсаар хандив өргөгчид “Haiti” гэсэн мессэжийг 90999 дугаарт илгээснээр тухайн хэрэглэгчид “Баталгаажуулна уу” гэсэн хариу ирэх бөгөөд сарын ярианы төлбөрт хандивын дүн нэмэгдэн орох ажээ.